
Зургийг: STR/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдийн ашигт ажиллагаа өнгөрсөн наймдугаар сараас хойших дээд түвшинд хүрч, өссөнийг тус салбарын “Mysteel” зөвлөх фирм мэдээллээ. Хэдий тийм боловч энэхүү сэргэлт хэр удаан үргэлжлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байгааг онцолжээ.
“Mysteel”-ийн долоо хоног тутам 247 үйлдвэрийг хамруулдаг судалгааны үр дүнгээс харвал үйлдвэрүүдийн 64 хувь нь ашигтай ажиллаж байна. 2024 оны аравдугаар сараас хойш ашигт ажиллагааны энэ түвшин ердөө хоёр удаа бүртгэгдсэний нэг нь энэ болжээ.
Дэлхийн хамгийн томд тооцогдох БНХАУ-ын гангийн зах зээлд төлөв ийнхүү сайжирч буй нь эцсийн хэрэглэгчдийн эрэлт дорвитой, мөн Төрөөс тавих байгаль орчны хяналт, үйлдвэрүүдэд хийх засвар шинэчлэлийн ажлуудаас шалтгаалж нийлүүлэлт багассантай холбоотой болохыг онцолсон байна. Мөн дөрөвдүгээр сараас хойш олон улсын гангийн үйлдвэрүүд үнээ нэмэгдүүлсэн нь БНХАУ-ын үйлдвэрүүдийн экспорт өсөхөд түлхэц болжээ.
Дотоодын сул эрэлт, нийлүүлэлтийн илүүдэл, ашгийн маржины бууралтаас болж сүүлийн хэдэн жил бэрхшээлтэй тулгарсан БНХАУ-ын гангийн салбарын хувьд энэ сэргэлт нь ховорхон таатай үйл явдал болж байна. Хэдий тийм боловч сэргэлт богино настай байж болзошгүйг шинжээчид анхааруулж буй.
"Зах зээлийн суурь нөхцөл нь ашигт ажиллагааг дэмжих эрэлтийн бодит өсөлтөөс бус, харин дотоод ба гадаадын зах зээл дэх үнийн зөрүү, эрэлт нийлүүлэлтийн зөрүүнээс хамаарч байгаа тул сэргэлт тийм ч удаан үргэлжлэхгүй" хэмээн “Mysteel”-ийн шинжээч Стивен Юү онцолсон байна.