
Зургийг: Э.Тэнгис
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өсөж, уул уурхайн салбарын эрчтэй сэргэлт болон экспортын сайн гүйцэтгэл өсөлтөд гол түлхэц болсныг Үндэсний статистикийн хороо тайлагналаа.
Өмнөх оны эхний улиралтай харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүн 5.5 их наяд төгрөг буюу 31.8 хувиар өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг дөрвөн их наяд төгрөг буюу 74.2 хувиар, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1.2 их наяд төгрөг буюу 15.8 хувиар өссөн нь нөлөөлжээ.
Уул уурхай, олборлолтын салбар эдийн засгийн өсөлтийн таван нэгж хувийг дангаараа бүрдүүлсэн бөгөөд салбарын нэмэгдэл өртөг 33.6 хувиар өссөн байна.
Харин бараа, үйлчилгээний экспорт 44.8 хувиар өсөж, хөрөнгийн нийт хуримтлалын 34.2 хувийн агшилтыг нөхжээ. Тухайлбал: бараа, үйлчилгээний экспорт зургаан их наяд төгрөг болж, өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 1.8 их наяд төгрөгөөр, бараа, үйлчилгээний импорт 8.4 их наяд төгрөг болж, 713.3 тэрбум төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Мөн өрхийн хэрэглээ тэсвэртэй байж, өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өссөн дүнтэй байна. Өрхийн эцсийн хэрэглээ 6.4 их наяд төгрөг болж, өмнөх оны эхний улиралтай харьцуулахад 365.9 тэрбум төгрөгөөр өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүнд 5.4 нэгж хувиар эерэг нөлөө үзүүлсэн байна.