
Зургийг: kincoracopper.com
Австрали болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй хайгуулын “Kincora Copper” компани монгол дахь хөрөнгүүдээ бүрэн худалдахаар 10 сая ам.долларын дүнтэй хэлцэл эхлүүлээд байгаагаа мэдээллээ.
Энэ хүрээнд тус компани Монголын “Түмэн айл көүл” ХХК-аас 1.5 сая ам.долларын урьдчилсан төлбөр хүлээн авсан байна. Хэлцлээр талууд “Kincora Copper”-ийн Монгол дахь охин компаниудыг 100 хувь шилжүүлэн авах онцгой эрхийг “Түмэн айл көүл”-д олгосон нөхцөл бүхий баримт бичигт гарын үсэг зуржээ.
10 сая ам.долларын дүнг үе шаттайгаар төлөх бөгөөд ирэх долоодугаар сарын нэгэнд эцсийн гэрээ байгуулагдах үед 3.5 сая ам.долларын төлөлт хийнэ. Харин он дуусахаас өмнө Монгол дахь охин компаниудын хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлт бүртгэгдсэний дараа үлдсэн таван сая ам.долларыг эскроу данснаас чөлөөлж олгохоор тохиролцжээ.
Монголоос ийнхүү гарч, стратегийн томоохон шилжилт хийснээр “Kincora Copper” Австрали дахь зэс-алтны төслүүддээ бүрэн төвлөрөхөөр болж байна.
Өнгөрсөн онд “Kincora Copper” Монгол дахь зэс-алтны "Хүрэл үнэг" төслөө Австралийн “Orbminco” компаниас аливаа нэмэлт зардал гаргалгүйгээр эргүүлэн аваад байсан юм. Мөн Монголын Татварын албатай удаан хугацаанд үргэлжилж буй татварын маргаан нь ойрын хугацаанд шийдэгдэх хүлээлттэйг тайландаа мэдээлсэн байна.
Санхүүгийн хувьд тус компани оны эхний улиралд 86 мянган канад долларын цэвэр ашигтай ажиллаж, жилийн өмнө 578 мянган канад долларын алдагдал хүлээж байсан үр дүнгээ эргүүлсэн. Мөн тайлант хугацаанд шинэ хувьцаа гарган, дөрвөн сая австрали доллар татан төвлөрүүлснээр 7.2 сая гаруй австрали долларын нөөцтэйгөөр улирлыг дуусгасан байна.