
Зургийг: Mercedes-Benz Group AG/Bloomberg
(Bloomberg) -- “Mercedes-Benz Group” дотоод шаталтат хүчирхэг хөдөлгүүрийн дуу болон мэдрэмжийг үгүйлдэг жолооч нарыг татах шийдэл бүхий спорт ангиллын шинэ загварын цахилгаан автомашинаа танилцууллаа.
"Mercedes-AMG GT 4-Door Coupé" хэмээх тус загвар нь 1169 морины хүч гаргах гурван цахилгаан хөдөлгүүр, "Formula 1"-ийн автомашинуудаас санаа авч бүтээсэн 800 вольтын цэнэг хураагуураар тоноглогджээ. 300 км/цагийн дээд хурдтай, 2.1 секундийн дотор 0-100 км/цагийн хурд авах чадалтай.
Мөн механик хурдны хайрцгийн араа солигдох мэдрэмж, V8 хөдөлгүүрийн хүнгэнэсэн дуу чимээг зохиомлоор үүсгэх горим оруулж өгсөн нь “Mercedes-Benz Group”-ийн сүүлийн үеийн цахилгаан хөдөлгүүрт загваруудаас татгалзах болсон худалдан авагчдыг эргүүлэн татах зорилготой алхам аж.
Ингэснээр “Mercedes-Benz Group” анхны цахилгаан автомашинууддаа баримталж байсан минималист арга барилыг орхиж, дотоод шаталтат хөдөлгүүрийг халах шилжилтийн үед брэндийнхээ нэрийн хуудас болсон зүйлсийг хадгалж үлдэхээр зорьж буй “Porsche” болон “Ferrari” компанийн стратегийг дагаж байна.
Шинэ AMG загваруудынхаа үнийг “Mercedes-Benz Group” хараахан ил болгоогүй байна. Одоогийн "AMG GT Coupé" загвар нь Европын зах зээлд 200 мянган евро давсан үнээр зарагдаж буй.