
Зургийг: Alessia Pierdomenico/Bloomberg
(Bloomberg) -- Дэлхийд алт олборлолтоороо тэргүүлэгчдийн нэг Узбекистан улс хагас жил завсарласны эцэст алтны экспортоо дөрөвдүгээр сараас бүрэн сэргээсэн байна.
Оны эхний дөрвөн сард Узбекистан улс 1.5 тэрбум ам.доллароор алт экспортолсныг Үндэсний статистикийн товчоо нь мягмар гарагт мэдээлжээ. Үүний дийлэнх хувийг өнгөрсөн сард борлуулсан аж.
Узбекистан жилд 130 тонн алт олборлодог ч өнгөрсөн оны есдүгээр сараас хойш экспортоо бараг бүрэн зогсоож, Төв банк нь дэлхийн хамгийн гол үнэт металл худалдан авагчдын нэг болсон байна. Тус улс оны эхний хоёр сард алт экспортлоогүй бол гуравдугаар сард экспортолсон алтны дүн нь 30 сая ам.доллар болжээ.
Ойрх Дорнодын дайн дэлхийн эдийн засгийн төлөвт сөргөөр нөлөөлж буй энэ үед Узбекистан алтны нийлүүлэлтээ сэргээсэн нь анхаарал татаж байна.
Персийн буланд АНУ болон Иран харилцан гал нээснээр энхийн хэлэлцээрийн төлөв бүрхэг болж, алтны ханш унаад буй.
Мягмар гарагт 1.4 хувиар унасны дараа алтны ханш лхагва гарагт 0.1 хувиар суларч, унц нь 4514 ам.долларт тогтворжлоо. Харин мөнгөний үнэ 0.5 хувиар өсөж, унц нь 77 ам.доллар хүрээд байна.