
Зургийг: Э.Тэнгис
Дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар улсын хэмжээнд инфляц сарын дүнгээр 2.8 хувьтай гарснаар жилийн инфляцын түвшин 2023 оноос хойш анх удаа 10.1 хувь даваад байна. Нийт инфляцад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт гол нөлөө үзүүлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм.
Инфляц одоогоор өндөр түвшинд хадгалагдаж байгаа ч оны хоёрдугаар хагаст дотоодын нийлүүлэлтээс шалтгаалсан инфляцын өсөлт саарна гэж Эдийн засаг, хөгжлийн яам үзэж байна.
2025 оны эхнээс Төв банк зорилтот хэмжээнд инфляцыг барихын тулд бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь болгосон юм. Мөн Монголбанкны овернайт хадгаламж 10 хувь, репо санхүүжилт 14 хувьтай байна.
Тавдугаар сар гарсаар арилжааны банкнууд 12 хувийн хүүтэй үнэт цаасны худалдан авалтаа төдийлөн бууруулаагүй байна. Тавдугаар сарын 25-ны өдрийн байдлаар дөрвөн долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 12.48 их наяд төгрөгөөр хэмжигдэж буй.
Дэлхийн улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын инфляцын түвшин харьцангуй өндөр байгаа бөгөөд Пакистанд 10.9 хувь, Нигерт 15.7 хувь, Аргентинд 32.4 хувь, Туркт 32.4 хувьтай байна.