
Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Пүрэв гарагт сэргээгдэх эрчим хүчний таван төслийн бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг анх удаа нээлттэй дуудлага худалдаагаар сонгон шалгаруулах гэж байна.
Урьдчилсан байдлаар нийт 115 компани сонирхлоо илэрхийлснээс 19 нь шаардлага хангажээ. Эдгээр компани пүрэв гарагт болох нээлттэй дуудлага худалдаанд оролцож, өрсөлдөнө гэж Эрчим хүчний яам мэдээллээ.
Эрчим хүчний яам үнийг урьдчилан тогтоохгүй бөгөөд төслийн бодит зардал, өртөгт үндэслэн үнэ бүрдэх юм. Ингэснээр Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бодит үнэ тогтох боломжтой гэж салбарын сайд онцолжээ.
Ирэх өвөл эрчим хүчний дутагдлыг нөхөхөд зөвхөн дотоодын шинэ эх үүсвэрүүд хангалтгүй гэж Эрчим хүчний яам мэдээлж буй. Мөн БНХАУ-аас 80 мегаваттын шугам нээсэн ч чадлын дутагдал үүсэх эрсдэл хэвээр байгааг онцолсон байна.
2007-2019 оны хооронд эрчим хүч худалдах, худалдан авах нийт 10 гэрээ байгуулжээ. Энэ хугацаанд гурван салхин цахилгаан станц, долоон нарны цахилгаан станцын гэрээ байгуулагдсан бөгөөд нэгжийн үнэ нь 9.5-17.3 цент байсан байна.
Сэргээгдэх эрчим хүчний нэгжийн үнийг шууд гэрээгээр бус, нээлттэй дуудлага худалдааны зарчмаар тогтоох хуулийн зохицуулалт 2019 оноос хэрэгжиж эхэлсэн юм.