
Зургийг: Bloomberg
Мягмар гарагт төгрөгийн ханш ам.доллар, юань, рубль, иен, евро, фунт стерлинг зэрэг 10-ийн бүлгийн голлох валютуудын эсрэг чангарлаа. Олон улсын зах зээлд еврогийн ханш сүүлийн арилжааны дөрвөн өдөр дараалан суларсантай зэрэгцээд дотоодод төгрөгийн ханш еврогийн эсрэг гуравдугаар сарын 16-наас хойших хамгийн чанга түвшинд хүрээд байна. Мөн арилжааны нэг өдөр австрали долларын эсрэг 5.96 нэгжээр чангарсан бол вон, юаньтай харьцах ханш тогтвортой байна.
Мягмар гарагт гадаад валютын дуудлага худалдаагаар арилжааны банкнуудаас 55 сая ам.доллар авах захиалга ирүүлсэнийг Монголбанк 100 хувь биелүүлсэн бол своп, форвард хэлцлийн санал ирүүлээгүйг цахим хуудастаа мэдээлжээ.
Лхагва гарагт Монголбанк 12 хувьд хадгалагдаж байгаа бодлогын хүүг өөрчлөх эсэх тухай Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээ албан ёсоор танилцуулна. Өмнөх хурлаас арилжааны банкнуудын 360 хоног болон гурав хүртэлх жилийн хугацаатай гадаад зах зээлээс татсан санхүүжилтийн 25 хувьд ногдох хэсгийг заавал байлгах нөөцөд тооцох шийдвэр гаргасан. Энэ зохицуулалт ирэх аравдугаар сараас мөрдөгдөж эхэлнэ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг хэвээр үлдээж, 2026 оны эцэс гэхэд өсгөх орон зай бий гэсэн дохиог зах зээлд өгсөн юм. Үүний дараа ам.долларын ханш 13 сарын дээд түвшинд хүрч өсөөд буй. Бусад валютуудын хөдөлгөөнийг харвал Японы иенийн ханш сүүлийн 40 орчим жилийн хамгийн доод түвшинд арилжаалагдаж байгаа бол Их Британийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрох тухай мэдэгдэл хийсний дараа фунт стерлингийн ханш сулраад байна.