
Зургийг: Э.Тэнгис
Монголбанкны иргэдийн инфляцын хүлээлтийн түүвэр судалгаагаар инфляц 2026 оны III улирлын эцэст 11.6 хувь, оны эцэст 12.1 орчим хувьтай байх төсөөллийг танилцууллаа. Инфляцын хүлээлт ирэх нэг жил орчмын турш зорилтот түвшний дээд интервалаас өндөр хадгалагдаж, жилийн дараа 12.5 орчим хувьтай байхаар төсөөлжээ.
Зургаадугаар сард инфляц улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12 хувиар, Улаанбаатар хотод 12.3 хувиар өссөн нь иргэдийн хүлээлтээс өндөр гарлаа. Ингэснээр инфляц сүүлийн гурван сар дараалан Төв банкны зорилтот түвшнээс дээгүүр хадгалагдаж байна.
12 нэгж хувийн өсөлтийн 6.8 хувийг хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн өсөлт бүрдүүлжээ. Хүнсний бүлгийн үнийн өсөлтөд ихээхэн жин дарж буй мах, махан бүтээгдэхүүний үнэ эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 51 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Махны үнэ улирлын хандлагаа даган наймдугаар сараас буурснаар хүнсний инфляц аажимдаа саарна. Хэдий тийм боловч геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан шатахууны нийлүүлэлт, үнийн өсөлтийн нөлөө хүлээлтээс өдөр байх тохиолдолд инфляцын дарамт нэмэгдэж болзошгүйг Төв банк тодотгож байв.
Иргэдийн хүлээлтээр 2026 оны III улиралд өрхийн орлого өмнөх улирлаас нэлээд саарах төлөвтэй байгаа бол нөгөө талдаа зардал тогтвортой өсөхөөр байна. Өрхийн хуримтлалын хүлээлт муудсан дүр зурагтай хэвээр буй. Мөн иргэдийн ажил эрхлэлт бага зэрэг буурах хүлээлт давамгайлж, эдийн засаг удаашрах, төгрөгийн ханш үргэлжлэн сулрах, зээлийн хүү нэмэгдэх хүлээлт байгааг судалгаанд онцолсон байна.