logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Ирэх оны төсвийн төсөл инфляцыг улам өрдөж, мөнгөний бодлогын нөлөөг хязгаарлах эрсдэлтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 02 09:00
    102

    Зургийг: Э.Тэнгис

    ЗГ: 2027 онд эдийн засгийн өсөлт 5.8 хувь, инфляц 8 хувь орчимд байхаар төсөөлж байна

    Засгийн газар 2027 оны төсвийн төсөлд нийт зарлагыг 2026 оны батлагдсан дүнгээс 10 их наяд төгрөгөөр тэлж, орлогыг есөн их наяд гаруй төгрөгөөр нэмэгдүүлэн тооцоолжээ. Ингэснээр төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөгт хүрэхээр байгаа нь 2026 оны батлагдсан түвшнээс 1.3 их наяд төгрөгөөр өндөр дүн юм. Ийм хэмжээний тэлэлт нь ирэх онд инфляц саарах төсөөлөлд томоохон эргэлзээ дагуулахаар байна.

    Зардлын бүтцээс үзвэл 33.6 их наяд төгрөгийг урсгал зардалд зарцуулахаар төлөвлөсөн нь 2026 оны нэгдсэн төсвийн нийт зарлагаас ч давсан хэмжээ юм. Харин хөрөнгийн зардлыг 10.3 их наяд төгрөг хүргэж, төсвийн тодотголоос 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ. Үүний зэрэгцээ гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төсвийг 6.9 их наяд төгрөг хүргэж, тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

    unnamed.jpg

    Орлогын өсөлтийн томоохон хэсгийг Төрийн өмчит компаниудын ногдол ашиг болон Оюутолгой төслөөс төрийн эзэмшилд очих ногдол ашгаар бүрдүүлэхээр тооцсон байна. Өнгөрсөн долоодугаар сард Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр дууссаны дараа Засгийн газар төслөөс энэ жил ногдол ашиг авахаар тохиролцсоныг мэдээлсэн бол бол “Rio Tinto-“ийн мэдэгдэлд Засгийн газар болон “Rio Tinto” ногдол ашиг хуваарилах хугацааг урагшлуулахад хамтран ажиллахаар тохиролцсон гэж дурдаж байв.

    Засгийн газар 2027 оны эдийн засгийн өсөлтийг 5.8 хувь орчим, инфляцыг найман хувь орчимд тогтворжино гэж төсөөлжээ. Нийлүүлэлтийн хямрал намжих, хүнсний үнийн өсөлт тогтворжих, дотоод эрэлт удаашрах болон мөнгөний хатуу бодлого үргэлжлэх нь инфляцыг сааруулна гэж үзсэн байна.

    Жилийн инфляц долоодугаар сард улсын хэмжээнд 13 хувьд хүрсний дараа Монголбанк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5 хувьд хүргэсэн юм. Мөн нийлүүлэлтийн шок удаан үргэлжилж, үнийн өсөлт иргэдийн хүлээлт болон бусад бараа, үйлчилгээний үнэд дамжвал мөнгөний бодлогыг цаашид нэмж чангаруулах эрсдэл байсаар байгааг анхааруулж байлаа.

    Ийнхүү төсвийн ба мөнгөний бодлого дахин нэг жилийн турш эсрэг чиглэлд ажиллах нөхцөл бүрдээд байна. Олон Улс Валютын Сангаас 2024 онд Монгол Улсад өгсөн зөвлөмждөө төсвийн болон мөнгөний бодлого “хос морьтон шиг” ажиллах учиртайг зөвлөж байв. Өөрөөр хэлбэл Төв банк хараат бус байдлаа хадгалан Засгийн газартай хамтран ажиллах замаар инфляцыг ялан дийлж, харин Засгийн газар эдийн засгийн таатай үед хэмнэлттэй төсвийн бодлого баримтлах замаар түүхий эдийн үнийн өсөлт, уналт дагасан мөчлөгийн шинжтэй бодлогоос зайлсхийж чадахыг онцолж байсан юм.

    Cэтгэгдэл бичих