
Зургийг: С.Батсайхан
Монголбанкны үнэт металл худалдан авалт оны эхний найман сарын дүнгээр сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ. Наймдугаар сард дангаараа 3058 кг үнэт металл худалдан авсан бол оны эхнээс өссөн дүнгээр нийт 11.9 тонныг худалдан аваад байгааг мэдээлэв. Энэ нь 2023 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54.5 хувиар өссөнийг Монголбанк мэдээллээ.
Тусгай зөвшөөрөл бүхий 93 аж ахуйн нэгж, үнэт металлын арилжаа эрхлэгч 39 иргэн алт тушаасныг тодотгов. Өнгөрсөн сард нэг грамм алтыг дунджаар 507,274 төгрөгөөр худалдан авсан байна.
Дэлхийн зах зээлд алтны үнэ өсөж байгаатай холбоотойгоор Монгол Улс алтны олборлолтоо нэмэгдүүлэх бодлогоор “Алт-3” аяныг хэрэгжүүлж байгаа юм.
Одоогоор Монгол Улсад 500 орчим тонн алтны нөөц бүртгэгдсэнээс 83 орчим хувь нь шороон орд, 17 хувь нь үндсэн ордод хамаарч байна. Үүний зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт 95.5 тонн алтны нөөц байршиж байгаа бөгөөд үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатайг Эдийн засаг, хөгжлийн яам тодотгож байсан юм. Тухайлбал: Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байршилтай, нийт 52.8 тонн алтны нөөцтэй, Гацууртын болон Эрээн баавгайтын алтны үндсэн ордыг олборлосноор жил бүр Монголбанканд таван тонн алт тушаах боломж байгааг мэдээлж байв.
Үүнээс гадна жилд 85 мянган унц алт олборлох хүчин чадалтай Баянхөндий төсөл ашиглалтад орсон нь алт олборлолтыг нэмэгдүүлж байгаа юм. 2026 оны эхний хагас жилд Баянхөндий уурхай 11,709 унц алт, 3317 унц мөнгө олборлон борлуулсан нь өмнөх улирлаас 37 хувиар өсжээ. Ингэснээр алт, мөнгөний борлуулалтын орлого 53 сая ам.доллар хүрч, алт авалт нь 96 хувьтай гарсныг “Эрдэнэ Ресурс Девелопмент” тайландаа мэдээллээ.