logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Богд Банкны толгой компани АНУ-д IPO хийхээр танилцуулгаа хүргүүлжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 02 11:40
    203

    Зургийг: Богд банк

    Богд Банкны толгой компани “Bogd FT Limited” Нью-Йорк хотын “NYSE American” биржид хувьцаагаа нээлттэй арилжаалахаар АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд урьдчилсан танилцуулгаа хүргүүлсэн байна.

    Кайманы арлуудад бүртгэлтэй тус компани “BOGD” тикерээр бүртгэгдэж, нэгж нь 4-6 ам.долларын үнэтэй 6.25 сая ширхэг энгийн хувьцаа санал болгохоор төлөвлөжээ. Ингэснээр нэмэлт хувьцаа гаргах эрхийг тооцохгүйгээр нийт 25-37.5 сая ам.доллар татах боломжтой байна.

    “Bogd FT Limited” нь Сингапурт бүртгэлтэй холдинг компаниараа дамжуулан Богд банкны 99.83 хувийг эзэмшдэг.

    Нэгж хувьцааны үнийг доод түвшин болох дөрвөн ам.доллароор тооцвол IPO-ийн зардлыг хассан цэвэр татан төвлөрүүлэх хөрөнгө 21.7 сая ам.доллар байхаар тооцоолжээ. Үүний 70 хувийг Богд Банкны Монгол болон Төв Азийн зах зээл дэх зээл олголтыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна. Ялангуяа Казахстан, Узбекистан дахь бичил болон дижитал зээлийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр тусгажээ. Харин үлдсэн хувийг үндсэн банкны систем, цахим бүтээгдэхүүн, борлуулалтын шинэ сувгууд хөгжүүлэх зэрэгт зарцуулах аж.

    Богд Банк нь 2021 онд Монголын банкнуудаас анхлан IPO хийж, хувьцаагаа нээлттэй арилжаалж эхэлсэн боловч өнгөрсөн онд хувьцаа эзэмшигчдийнхээ дийлэнхийн саналаар хэлбэрээ өөрчилж хаалттай компани болохоор шийдвэрлэж байв. Улмаар 2025 оны гуравдугаар сард тус банкны 80 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1.25 тэрбум ширхэг хувьцааг Монголын Хөрөнгийн биржийн бүртгэлээс хассан юм.

    Богд Банк 2025 оны эцсийн байдлаар 1.37 их наяд төгрөгийн нийт хөрөнгөтэй, 50.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа танилцуулгадаа мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих