
Зургийг: COP17 Mongolia
Монгол Улс оны эхний найман сарын хугацаанд нийт 718,940 жуулчин хүлээн авсан нь өмнөх оны мөн үеэс 19 хувиар өссөнийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээллээ.
Зөвхөн наймдугаар сард 149,951 жуулчин Монгол Улсад хүрэлцэн ирсэн нь өмнөх оны мөн үеэс 25,400-аар буюу 20 орчим хувиар нэмэгджээ.
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд (UNCCD COP17) гадаадын 12 мянга орчим зочин төлөөлөгч оролцсоныг ажлын алба мэдээлсэн юм. 6500 орчим зочин гадаадаас хүлээн авахад эдийн засагт 150 тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрүүлнэ гэсэн тооцоолол гаргасныг өмнө нь мэдээлж байв.
COP17 бага хурлын үеэр нийт 47 зочид буудал үйлчилгээнд хамрагдаж, 13,910 ор хоног ашигласан, зочид буудлын салбар 5.4 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлсэн байна. Мөн 182 улсын зочид, төлөөлөгчдөд үйлчилгээ үзүүлж, 87 мянга гаруй хүн ресторан, зоогийн газраар үйлчлүүлснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо онцоллоо. Түүнчлэн Монгол Улсын байгаль, нүүдлийн соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг олон улсын зочдод сурталчлан таниулж, 250 аялал борлуулсан байна.
Монголыг зорин ирж буй жуулчдыг улсаар нь харвал ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Казахстаны жуулчид дийлэнх хувийг бүрдүүлж буй. Тухайлбал: оны эхний найман сард ОХУ-ын 240,982, БНХАУ-ын 174,112, БНСУ-ын 133,826 жуулчид Монголд иржээ. Харин Малайз, Филиппин болон Канад улсаас хамгийн цөөн жуулчин Монголд зочилсон байна.
“Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага"-ын тайланд оны эхний хагас жилийн байдлаар "Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн сайн үзүүлэлттэй улс" номинацид Монгол Улс 39 хувийн үзүүлэлтээр дөрөвдүгээрт, зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээл номинацид 29 хувийн өсөлттэйгөөр хоёрдугаарт, орлогын үзүүлэлтээр 27 хувийн өсөлттэй дүнгээр гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Мөн хамгийн өндөр үзүүлэлттэй 20 улсын жагсаалтад 39 хувийн өсөлттэй дүнгээр дөрөвдүгээр бичигджээ.