
Зургийг: Э.Тэнгис
2026 оны хоёрдугаар хагас эхэлснээс хойш Монгол Улсын хөрөнгийн зах зээл эрчтэй өсөлтөө хадгалж, түүхэн дээд үзүүлэлтүүд удаа дараалан эвдэгдээд байна.
Арилжааны сүүлийн зургаан өдөр дараалан өсөөд буй Монголын Хөрөнгийн биржийн жишиг ТОП-20 индекс лхагва гарагт 3.18 хувийн өсөлттэй хаагдсанаар анх удаа 60 мянган нэгжийн босгыг давлаа. Тус индекс 2026 он гарсаар ийнхүү 16 дахь удаагаа дээд түвшнээ шинэчлэн тогтоож байна. Ингэснээр дотоодын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ түүхэндээ анх удаа 15 их наяд төгрөг хүрлээ.
Хэрэв ТОП-20 индексийг дагадаг биржээр арилжаалагддаг сангууд байсан бол хөрөнгө оруулагч сүүлийн нэг жилийн хугацаанд 24 гаруй хувийн өгөөж хүртэх байжээ.
Дотоодын хөрөнгийн захад ногдол ашгийн хэмжээ болон өгөөжөөр бүх цаг үед тэргүүлдэг “Тавантолгой” ХК-ийн хувьцааны шуургалсан өсөлт ТОП-20 индекс дээд түвшиндээ хүрэхэд гол түлхэц болж байна. Лхагва гарагт тус компанийн хувьцаа12.5 хувиар өссөнөөр нэгж хувьцааны үнэ нь 50,700 төгрөг боллоо.
Нүүрсний эрэлт сэргэж, Монгол Улсын экспорт хурдацтай нэмэгдсэн 2026 оны эхний хагас жилд “Тавантолгой” ХК 1.4 орчим их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс долоо дахин өссөн дүн болсон юм.
Сүүлийн байдлаар Монголын Хөрөнгийн биржид нэг их наяд төгрөгөөс дээш үнэлгээтэй таван компани бүртгэлтэй байна. Тодруулбал: ХААН Банк 3.3 их наяд төгрөг, “Тавантолгой” ХК 2.6 их наяд төгрөг, ХасБанк 1.4 их наяд төгрөг, АПУ ХК 1.2 их наяд төгрөг, “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” 1.1 их наяд төгрөгийн үнэлгээтэй байгаа юм.