
Зургийг: mongolia.gov.mn
ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, бензин, түлш, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын коридор хөгжүүлэх асуудлаар ярилцан тодорхой шийдлүүд гаргав. Тухайлбал: Монгол Улс, ОХУ-ын түлш, эрчим хүч, уул уурхайн салбарт шийдэл хүлээж буй Дулааны III цахилгаан станц, Асгатын уурхайн хамтарсан судалгаа, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төсөл, шатахууны хангамж зэрэг хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Түүнчлэн түлш шатахууны нийлүүлэлтийг тогтвортой хангах чиглэлд анхаарахаа ОХУ-ын тал илэрхийлсэн байна.
Мөн Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор, малын гаралтай экспортыг нэмэгдүүлэхэд саад болж буй малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцинжуулалтын асуудлаар хамтран ажиллахаар болов.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн онд дөрөв гаруй хувиар өссөн. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хооронд байгуулсан худалдааны Түр хэлэлцээр өнгөрсөн долоодугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд таатай нөхцөл үүснэ” гэж онцоллоо.
Евразийн зах зээл нь 180 сая хэрэглэгчтэй ба зургаан их наяд ам.долларын эдийн засагтай. Долоодугаар сараас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн барааны гаалийн тарифыг хөнгөлж чөлөөлж буй.
Монгол Улсаас экспортлох нийт барааны 80 гаруй хувь нь малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн байгаа юм.