
Зургийг: С.Батсайхан
Дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.09 хувийг Монгол Улс дангаараа бүрдүүлдэг ч нэг хүнд болон дотоодын нэгж нийт бүтээгдэхүүнд ногдох ялгарлын хэмжээ дэлхийн дундажтай харьцуулахад хэд дахин өндөр хэвээр байгааг НҮБ-ын тайланд мэдээллээ.
Монгол Улс 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг нийт 24.7 сая тонн CO2 эквиваленттай тэнцэх хэмжээгээр бууруулахаар зорьж буй.
Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд ногоон шилжилттэй холбоотой үндэсний, салбарын, төсвийн ерөнхийлөн захирагчийн, хөтөлбөрийн түвшний нийт 39 үр дүн, 61 шалгуур үзүүлэлт тусгасан байна.
Энэ удаагийн баримт бичигт үр дүнд суурилсан төлөвлөлтийн арга зүйг тусгасан нь бодлогын томоохон ахиц болсныг НҮБ-ын тайланд дурджээ. Өмнөх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн үнэлгээнээс харахад ногоон хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийн гүйцэтгэл ердөө 15.4 хувьтай байсан нь бодлогын зохион байгуулалт, арга зүйн сул талууд байсныг тодотгосон байна.
Эрчим хүчний болон эрчим хүчний бус салбарт хэрэгжүүлсэн тодорхой арга хэмжээний үр дүнд хүлэмжийн хийн ялгарал тогтвортой буурч байгаа хэдий ч малын тоо толгойны өсөлт зорилтот хүрэхэд сорилт болж байгааг онцолсон байна.
Монгол Улсад зохион байгуулсан COP17 хурлын үр дүнд дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилттэй тэмцэхэд 18 тэрбум ам.долларын санхүүжилт зарцуулахаа мэдэгдсэн бол Монгол Улсад таван их наяд төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ хэлэлцээр санамж бичиг байгуулсныг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын ажлын алба мэдээлсэн юм.
Эдгээр санхүүжилтийн амлалтуудыг ашиглахын тулд үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийн бэлэн байдлыг хангах нь чухал гэдгийг оролцогчид тодотгож байв.