
Зургийг: Mikael Sjoberg/Bloomberg
(Bloomberg) -- Шведчүүдийн үнэт цаасанд байршуулсан хуримтлалын үнэлгээ сүүлийн 25 жилийн хугацаанд анх удаа үл хөдлөх хөрөнгийнхийг давлаа.
“SEB” группийн судалгааны нэгжийн лхагва гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар Шведийн иргэдийн үнэт цаасанд байршуулсан шууд болон шууд бус эзэмшлийн үнэлгээ II улиралд 13 их наяд крон буюу 1.4 их наяд ам.доллар хүрч, үл хөдлөх хөрөнгөд байршуулсан хөрөнгөнөөс ялимгүй давсан байна.
Тус групп “Хуримтлалын барометр”-ийг 1996 оноос тэмдэглэж ирсэн ба үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг 2001 оноос бүртгэж эхэлснээс хойш хувьцааны эзэмшил нийт үнэлгээгээрээ үл хөдлөх хөрөнгийнхийг өмнө нь давж байгаагүй аж.
Хөрөнгийн зах зээлийн олон жилийн өсөлттэй зэрэгцэн Шведийн үл хөдлөх хөрөнгийн үнэ буурч буй нь энэхүү өөрчлөлтөд нөлөөлжээ.
Мөн Шведийн айл, өрхүүд хуримтлалынхаа томоохон хэсгийг хувьцаанд байршуулж байна. Тус улсын иргэдийн нийт хөрөнгөд байршуулсан мөнгөн дүн II улиралд жилийн өмнөхөөс есөн хувиар өсөж, 32.7 их наяд крон болж түүхэн дээд түвшинд хүрчээ.