
Зургийг: Э.Тэнгис
2027 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх товтой байна.
Ирэх оны төсвийн бодлогын гол чиглэл бол иргэдийн бодит орлогыг хамгаалах, эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, хувийн хэвшлийн татвар, санхүүжилтийн ачаа дарамтыг бууруулахад чиглэнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал тодотгож байв.
Мөн эрчим хүч, үйлдвэрлэл, зам, логистикийн хоцрогдлыг нөхөж, орон нутагт илүү их эрх мэдэл, төсвийн боломж олгохыг зорьж буйг дурдсан юм.
Гадаад орчин нөхцөл болоод тулгарах эрсдэл, нээгдэх шинэ боломж зэргийг харгалзан үзэж 2027 онд эдийн засгийн өсөлт 5.8 хувьтай, инфляц долоо орчим хувьд тогтворжино гэж төсөөлж буй.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, нийт зарлагыг 43.6 их наяд төгрөг байхаар тооцож, төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд барина гэж үзэж байна.
Улс, орон нутгийн төсөв, гадаад эх үүсвэр, Төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хөрөнгө оруулалтыг хослуулан 2027 онд нийт 12.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмж, боловсролын салбарт 1.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Мөн татварын ачаа дарамтыг бууруулахаас гадна жижиг, дунд бизнес, дундаж давхаргаа төгрөгийн шинэ эх үүсвэрээр дэмжихээр төлөвлөснийг мэдээлсэн юм.
Ирэх онд Оюутолгой болон Төрийн өмчит бусад компанийн ногдол ашгаас нийт 6.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцоолж байгаа юм.