logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Засгийн газрын өрийн үлдэгдэл 2027 онд ₮56.6 их наяд болж, өмнөх оноос ₮11 их наядаар өснө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 29 09:30
    273

    Зургийг: Э.Тэнгис

    Ирэх онд мега төслүүдээс бусад гадаад зээлийн ашиглалт 1.4 их наяд төгрөг, орон нутгийн нэмж гаргах үнэт цаас 600 тэрбум төгрөг байхаар тооцоолж байна

    Засгийн газрын өрийн үлдэгдэл 2027 онд өмнөх оноос 11 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 56.6 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 49.6 хувьтай тэнцэхээр байгааг төсвийн төсөлд тусгасан байна. 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр өрийн үлдэгдэл дотоодын нийт бүтээгдэхүүний 44.5 хувь буюу 45.6 их наяд төгрөг хүрэх төлөвтэй байгаа аж.

    29-1.JPG

    Ирэх онд мега төслүүдээс бусад гадаад зээлийн ашиглалт 1.4 их наяд төгрөг, Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаа хоёр их наяд төгрөг, орон нутгийн үнэт цаас нэмж гаргах хэмжээ 600 тэрбум төгрөг байхаар тооцоолж буй. Нэг удаагийн үйлчлэлтэй хуулиар гадаад зээлийн ашиглалтыг нь төсвөөс гадуур зохицуулсан газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн гадаад зээлийн ашиглалт 2027 онд 2.5 их наяд төгрөг болохыг төсвийн төсөлд мэдээлжээ.

    29-2.JPG

    Засгийн газар ирэх онд нийт санхүүжилтийн хэрэгцээний 40 орчим хувийг дотоод үнэт цаасны эх үүсвэрээр санхүүжүүлж, төсвийн алдагдлыг нөхнө. Шинээр гаргах аймаг, нийслэлийн үнэт цаасны хувьд Өмнөговь аймгаас Даланзадгадын 50 МВт-ын Дулааны цахилгаан станцын төсөлд 300 тэрбум төгрөг, Дулааны V цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхэд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас тус тус гаргах төлөвлөжээ.

    Засгийн газар эрчим хүчний салбарт тулгамдсан дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд 1.1 тэрбум ам.доллар хүртэлх өрийн баталгаа гаргана. Үүнд Сэлбэ дэд төвийн төслийн үнэт цаасны дахин санхүүжүүлэлтэд 500 сая ам.долларын өрийн баталга гаргахаар тусгасан байна. Ингэснээр Засгийн газар өрийн үйлчилгээний төлбөрт 2027 онд нийт 5.2 их наяд төгрөг төлөхөөр байгаа нь 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 60.5 хувиар өснө. Энэ нь төсвийн урсгал зардалд болон гадаад валютын нөөцөд тодорхой дарамт учруулахаар байгааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл анхааруулж байна.

    Cэтгэгдэл бичих