logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Түүхий эдийн эерэг мөчлөгийн ачаар Монголын хөрөнгийн зах зээл өсөлтөөрөө энэ улиралд дэлхийд тэргүүллээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 30 15:25
    196

    Зургийг: Raul Ariano/Bloomberg

    “Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханш III улиралд 87 хувиар эрчимжив

    (Bloomberg) -- Монголын хөрөнгийн зах зээл IX сараар дуусгавар болж буй улиралд дэлхийд өсөлтөөрөө тэргүүлж байгааг “Bloomberg News” онцоллоо. Далайд гарцгүй Монгол Улсын зах зээл түүхий эдийн өсөлтийн мөчлөгийг даган тэлснээр хиймэл оюуны салбартай холбоотой савлагаанаас хамгаалагдсаныг тодотгожээ.

    Монголын Хөрөнгийн биржийн ТОП-20 индекс зургаадугаар сарын эцсээс хойш 26 орчим хувиар өсөж, “S&P 500 Index” болон БНСУ-ын “Kospi Index” зэрэг дэлхийн болон бүс нутгийн томоохон индексүүдээс хол давсан байна. Дотоодын индексэд бараг 50 хувийн жин дардаг “Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханш III улиралд 87 хувиар өсжээ. 

    TTL-GFX.jpg

    Долоодугаар сард чип үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш огцом унаж, дэлхийн зах зээл доргисон үед 4.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй харьцангуй жижиг Монголын хөрөнгийн зах зээл санаанд оромгүй байдлаар ийнхүү дэлхийд манлайлж буйг тодотголоо. Зэс, нүүрсний экспорт эрчимжсэнтэй зэрэгцэн татвар болоод гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын арга хэмжээнүүд энэхүү өсөлтийг тэтгэсэн болохыг онцолсон байна.

    Мөн хөрвөх чадвар эрс сайжирсан нь өсөлтөд дэм өгсөн бөгөөд үүнийг Монголбанк мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлсэнтэй холбон тайлбарласан байна. Харин өсөлт удаан үргэлжлэхэд тулгарах томоохон эрсдэлүүдийн нэгээр наймдугаар сард 12.5 хувьд хүрсэн өндөр инфляцыг нэрлэжээ.

    Лондонд төвтэй “Emerging & Frontier Capital” компанийн Гүйцэтгэх захирал Саймон Китчен “Зэс, нүүрсний борлуулалт тогтвортой байгаагийн ачаар Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд энэ онд сайн байна. Мөн дотоодын төдийгүй гадаадын хөрөнгийг зах зээлээс санхүүжилт татах чиглэлд эрчимтэй ажил хийж байна” гэж тодотгожээ.

    Нүүрс зэрэг ашигт малтмалын экспорт оны эхний  найман сард 61 хувиар өссөн. Үүнд Монгол Улсын нийт экспортын 93 хувийг бүрдүүлсэн БНХАУ-ын эрэлт голлон нөлөөлсөн. Уурхайн ослоос үүдсэн нийлүүлэлтийн хүндрэлтэй холбоотойгоор БНХАУ-ын коксжих нүүрсний хомсдол ирэх онд ч үргэлжлэх төлөвтэй байгаа тул энэ эрч хадгалагдаж магадгүй байна.

    Үүний зэрэгцээ нөөц багасаж байгаатай холбоотойгоор зэсийн үнэ ирэх зургаан сарын хугацаанд 50 гаруй хувиар өснө гэж “Deutsche Bank” таамаглажээ.

    Мөн хөрөнгийн зах зээлийн өсөлтийг хөрвөх чадварын огцом өсөлт дэмжиж байгааг онцлоод, үүнийг Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэнтэй холбон тайлбарласан байна.

    Түүнчлэн хувьцааны хөрөнгө оруулалтын орлого болон хөрөнгийн өсөлтийн орлогод ногдох татварын хөнгөлөлтийг сунгаснаас гадна “Банкнуудад гадаадын хөрөнгө оруулагчдын эзэмшиж болох хувь хэмжээний хязгаарлалтыг цуцалж, гадаадын хөрөнгө оруулагчид арилжаанд оролцох нөхцөлийг хялбарчилсан” гэж Саймон Китчен нэмж онцолжээ.

    Хувьцааны зах зээлийн өсөлт удаан үргэлжлэхэд тулгарах томоохон эрсдэлүүдийн нэг нь наймдугаар сард 12.5 хувьд хүрсэн инфляцын түвшин гэж тодотгосон байна. Түүнчлэн Украинд дайн эхэлснээс хойш буураад буй ОХУ-ын нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байдгийг харгалзан үзвэл өвлийн улиралд эрчим хүчний хомсдол үүсэх магадлалтайг Хонконг дахь “Asia Frontier Capital” компанийн Гүйцэтгэх захирал Томас Хаггер анхааруулсан байна. Хэдий тийм боловч Монгол Улсын хувьцааны зах зээлийн өсөлт одоогоор үргэлжлэх боломжтой гэж үзжээ.

    “Монголын банк, даатгалын компаниудын үнэ-ашгийн харьцаа нэг оронтой тоонд байгаа”-г дурдаад “Олон компанийн хувьцаа одоо ч бодит үнэлгээнээсээ доогуур байгаа тул цааш өсөх боломж бий” гэж Томас Хаггер  тодотгосон байна. 

    Cэтгэгдэл бичих