
Evgenia Novozhenina/AFP/Pool/Getty Images
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар Москвад хоёр талт уулзалт хийж, АНУ-ын давамгайлдаг олон улсын тогтсон дэг журмыг сөрөх нэгдсэн зорилго бүхий хамтын ажиллагаагаа онцлон тэмдэглэлээ.
"Хоёр улс хараат бус, бие даасан гадаад бодлого явуулж, илүү шударга, ардчилсан, олон туйлт дэлхийн дэг журмыг бий болгох хүсэл сонирхолтой" хэмээн уулзалтын дараах хамтарсан мэдэгдлийн үеэр В.Путин онцолжээ. Харин Ши Жиньпин "Хятад, Орос улсууд гадаад улсын хөндлөнгийн оролцоог арилгахад үргэлжлүүлэн хамтран ажиллах болно" хэмээсэн байна.
Дэлхийн II дайн дуусгавар болсны 80 жилийн ойд оролцохоор дэлхийн 20 гаруй орны төр, засгийн удирдагчид Москвад чуулаад буй. Дөрвөн өдөр үргэлжлэх БНХАУ-ын удирдагчийн айлчлалын хүрээнд талууд хамтын ажиллагааны 26 баримт бичигт гарын үсэг зурсны дотор батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх санамж бичиг багтжээ.
Түүнчлэн В.Путин, Ши Жиньпин нар удаан хугацаанд саатаад байгаа "Сибирийн хүч II" байгалийн хийн дамжуулах хоолойн төслийн талаар хэлэлцсэн ч хоолойг Монголын нутгаар дайруулах маршрутыг өөрчлөх талаар ярилцаагүйг ТАСС агентлаг мэдээлжээ. Харин төслийн явцыг түргэвчлэх талаар холбогдох албаныханд чиглэл өгцгөөсөн болохыг мэдээлсэн байна. Хятадын талаас хоолойг Монголоор дайруулахын оронд Хятад, Оросын залгаа хилээр шууд холбохоор ОХУ-ын талд шахалт үзүүлнэ гэсэн мэдээлэл айлчлалын өмнө гарч байв.
Үүнээс гадна В.Путин ирэх есдүгээр сард Тяньжинь хотод болох Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцохоо бататгасан байна. Ингэснээр хоёр удирдагч энэ онд дахин биечлэн уулзаж, дээрх асуудлаар ярилцах боломж гарч байгаа юм.